Зочны өрөөндөө заавал байлгах тавилга ба декорууд

Танай гэр бүл хамтдаа цагийн хамгийн их өнгөрүүлдэг өрөө тань ямар өрөө вэ гэж асуувал ихэнх хүмүүс зочины буюу том өрөө хэмээн хариулах байх. Тиймээс та бүхэндээ зориулан өрөөнийхөө тав тух, өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн тулд том өрөөндөө заавал байлгах тавилга, декор санаануудыг танилцуулж байна. 

–  Амьд ургамал:  Зочны өрөөндөө ургамал байршуулах нь агаарыг цэвэршүүлэхээс гадна гэрт тань гайхалтай декор болж өгнө. Амьд ургамал нь өөр өөрийн гэсэн онцлог нөхцөлд ургаж тусгай арчилгаа шаарддаг тул та өөрт тохирох зөв ургамал сонгон аваарай.  

–  Буйдан: Танд тав тухыг мэдрүүлэхээс гадна, гэрт тань өнгө нэмэх чухал тавилгын нэг болох буйдангаа сонгохдоо өнгө, загварыг харгалзан үзэхээс гадна материалын сонголтыг ч мөн анхаараарай. Хэрэв та бага насны хүүхэдтэй эсвэл зөөлөн материалыг илүүд үздэг бол савхин материалтай буйдан тохиромжгүй байж болох юм.  

–  Дэр: Дэр нь орон зайд дулаан тав тухтай мэдрэмжийг авчирах болно. Янз бүрийн өнгө, хэв загвар, хэмжээ бүхий дэрнүүд таны буйданг чимж өгнө.  

–  Кофены ширээ: Өрөөний тань дүр төрхийг илтгэх өнгө, дизайнтай ширээ нь өрөөний тань тавилгыг нэгтгэж, нэгэн цогт тохижилтыг үүсгэхэд тусална.  

–  Үнэртүүлэгч: Та өрөөнийхөө тав тухыг нэмэгдүүлж, дулаан дотно мэдрэмж төрүүлэхийн тулд үнэр гаргах цэцэг болон лаа ашиглаарай. Лаа нь бие сэтгэлийг тайвшруулах үйлчилгээтэй тул лаванда, жасмин, сарнай болон ванилийн анхилуун үнэртэй лаа хэрэглэх нь хамгийн зөв шийдэл болох болно.  

–  Толь:  Толины тусгал нь ямар ч орчинд дэгжин байдлыг нэмж өгөөд зогсохгүй өрөөг бодит хэмжээнээс нь том мэт харагдуулж чаддаг. Тиймээс задгай зуух, буйдангийн ард хэсгийн ханандаа толь байршуулахыг зөвлөж байна.  

–  Том хэмжээтэй ваар: Том хэмжээтэй өөртөө загварлаг ваар нь дангаараа байсан ч зочны өрөөнд тань гайхалтай дүр төрх нэмсэн чимэглэл болж чадна.  

–  Нэхмэл хөнжил: Та буйдангийнхаа булан хэсэгт нимгэн нэхмэл хөнжил эсвэл том хэмжээтэй нэхмэл ороолт байршуулаад үзээрэй. Та кино үзэх, найзуудтайгаа хөгжилдөн суух үедээ энэхүү хөнжлөөр хучиж илүү тухтай орчин бүрдүүлэх боломжтой юм.  

–  Хувийн орон зай: Таны зочны өрөөнд байх хамгийн чухал зүйл бол гэр бүлийн хувийн орон зайг илтгэх булан эсвэл хана юм. Энэхүү хэсэгт та гэр бүлийн зураг, дуртай ном, гэрэл зураг зэрэг өөрт тань таашаал өгч чадах зүйлсийг байршуулж тухтай орчин бүрдүүлээрэй.   

–  Хивс: Та өөрт мэдрэгдэх тав тухыг нэмэгдүүлэхийн тулд буйдангийнхаа урд зөөлөн материалтай хивс байршуулаарай. Энэ нь таныг дулаахан байлгахаас гадна тав тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна гоёмсог хээ, загвар нь гэрт тань өнгө нэмж өгнө.